Greetings

Ч.Номин

Соёлын сайд

“ХАРХОРУМ” Олон улсын кино наадмын 2023 оны сэдэв нь “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”) байх болно. Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тиймээс шинэ кино наадам хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллана.

“ХАРХОРУМ” Олон улсын кино наадам -2023 “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”) нь хүний эрх, үндсэн эрх чөлөөг сурталчлах, нийтлэг ойлголт, сэдэвчилсэн мэдлэгийг таниулах, кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

Наадмыг амжилттай зохион байгуулахын тулд 4 сарын хугацаанд 60 гаруй хүн ажиллаж бэлтгэл хангах бөгөөд Монголын бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн мэргэжилтнүүд, киноны мэргэжлийн сургуулиудтай нягт хамтран ажиллана.